Багш, эцэг эхчүүдийн харилцаа хүүхдийн сурлагад асар их нөлөө үзүүлдэг гэдгийг багш нар баталдаг. Харамсалтай нь хүүхдээ сургуульд нь аваачиж өгөхөөс илүү зүйл хийхгүй байгаа нь эцэг эхчүүдийн том дутагдал болдог. Тэд хүүхдэдээ санаа зовохгүй байгаад бус харин ажил амьдралын асуудлуудаас болоод зүгээр л үүнийг мартаж орхидог.
Тэгэхээр эцэг эхчүүдийн мэдэх ёстой зүйлсийн талаар багш нар зөвлөж байна.
Багш нарыг хүндэл
• Багш бүхэн таны талд байдаг. Багш нар үнэхээр таны хүүхдийг сайн сурч амжилтанд хүрээсэй гэж хүсдэг. Таны хүүхэд сургуульдээрээ ямар нэг асуудалд орооцолдоод танруу утасдах нь тухайн асуудлыг тантай ярилцаж зөв шийдвэрлэхийг хүсэж буйгаас бус танд хов хүргэж байгаа хэрэг огт биш гэдгийг санаарай. Харин тэд таны талд байгаа шүү.
• Багшид итгэ. Таны хүүхэд гэртээ ямар нэг хачин зан авир гаргахгүй байгаа нь түүнийг огт тийм зан гаргадаггүй гэсэн үг биш. Хэрвээ багш нь танруу утасдаад түүнийг ёс бус зан гаргасан гэвэл шууд л битгий “ Манай хүүхэд тийм биш” гэж хэлэх гэж яар. Учир нь анги танхим, гэр бүл гэдэг тэс ондоо зүйлс. Тэд гэртээ нэг үүрэг хүлээдэг ч сургуульдээрээ өөр үүрэг хариуцлага хүлээдэг. Тиймээс эцэг эх та багшийн хэлж буй үгийг нэг удаа ч гэсэн нухацтай авч үзэх хэрэгтэй.
• Багштай уулзахдаа цаг товло. Багштай нь уулзаж хүүхдийнхээ асуудлыг ярих нь сайн зүйл. Гэхдээ гэнэт, цайны цагаараа явж очоод хэрэггүй. Үүний оронд багштай нь урьдчилан цаг тохироод тухтайхан ярих хэрэгтэй.
• Багштай шууд асуудлыг ярилцах нь үр дүнтэй байдаг. Хэрвээ таны хүүхэд, эсвэл багшид асуудал байгаа бол шууд бүү захиргааруу гүйж очоорой. Багштай нь шууд асуудлыг ярих хэрэгтэй. Энэ нь шийдлийг олох хамгийн зөв арга. Багш нарын хэлж байгаагаар 99% д нь багш, эцэг эхчүүд ердөө утсаар яриад л асуудлыг шийдчихдэг байна.
Хүүхдийн хичээлд оролц
• Хүүхэдтэйгээ ярилц. Ярилцах бол эцэг эх, хүүхдүүдийн харилцааг бататгадаг цор ганц арга гэнэ. Болж өгвөл орой болгон хүүхэдтэйгээ ярилцаж, хичээл, сургууль дээр нь түүнтэй юу тохиолдсон, ямар дүн авсан зэргийг нь асуу. Гэхдээ үүнийг түүнд ямар нэг стресс учруулахгүйгээр хийх нь хамгаас чухал. Орой болгон шийтгэж байгаа уур амьсгал бүрдүүлж, муу дүн авлаа гэж зандарах нь илүү муу үр дүнг дагуулна. Тэр тантай дахиж ярилцахыг ч хүсэхгүй шүү.
• Гэрийн даалгаврыг шалгаж бай. Нэмж хэлэхэд мөн л түүнд дарамт учруулж болохгүй. Гэрийн даалгавраа хийж чадахгүй бол зааж өг. Гэхдээ шууд бүү хариуг нь хэлж өг. Харин яагаад ийм байгааг нь сайтар ойлгуулаарай. Хэрвээ шууд хэлээд өгчихвөл гэрийн даалгаврын утга учир алдагдах болно.
• Багштай ойр харилцааг үүсгэ. Эцэг эх, багшийн сайн харилцаа, багш сурагчийн сайн харилцааг үүсгэж чаддаг. Тиймээс хүүхэд тань ангиараа зугаалгаар явах гэж буй бол эсвэл нээлттэй хичээл, тэмцээн уралдаан зохиож буй бол заавал оролцоорой. Тэгээд багштай нь ойр харилцааг үүсгэ. Үүнээс та багшийг нь танихаас гадна, өөрийн хүссэн асуултаа асууж, ямар нэг асуудлыг шийдвэрлэж болно.
Зохион байгуулалттай бай
• Орой бүр хүүхдэдээ цаг гарга. Энэ бол маш амар. Орой гэрийн даалгавраа хийж дууссан эсэхийг нь асуугаад, бүх дэвтэр ном, хэрэгтэй зүлсийг нь цүнхэнд нь хий. Ингээд дадчихвал хүүхэд өглөө босоод яарч сандрахаа больж, үзэг бал, дэвтэр номоо мартах асуудлыг арилгаж чадна.
• Гэр бүлийн тогтвортой байдал. Олон жил багшилсан багш нар хүүхдүүдийг өглөө ангид орж ирэхэд л нь өглөө хэрхэн эхэлсэн, бүхэл өдөр түүнд ямар байхыг нь хэлж чаддаг гэнэ. Харин дүнсгэр орж ирсэн хүүхдүүдийн цаад шалтгаан нь ихэнхдээ гэр бүлийн тогтворгүй байдалтай холбоотой гэжээ.